Байгууллагын товч түүх

Тус газар нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1990 оны 11-р сарын 16-ны өдрийн “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 153 дугаар тогтоолыг үндэслэн Говь-Алтай аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142 дугаар тогтоолоор “Болгоомжгүйн улмаас болон хүнд биш гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгэгдэгчдийг ял эдлүүлэх” зорилгоор “ЗАСАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ХӨДӨЛМӨРИЙН АНГИ”-ийг үүсгэн байгуулсан.

Тус хорих анги нь дарга, тоо бүртгэгч, аж ахуйн эрхлэгч, харуулын бага дарга, хянагч-3 нийт 6 алба хаагчийн орон тоотой үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд анхны даргаар Намсрайн Сандаг-Очир, тоо бүртгэгчээр Төмөрийн Цэрэннадмид, харуулын бага даргаар Чогсомын Болд, хянагчаар Б.Батдэлгэр, С.Шижирбаатар, Б.Сүхбаатар нар томилогдон 12 хоригдолтой, 26.951 төгрөгний санхүүжилтийг авч 2.924.441 төгрөгний үндсэн хөрөнгөтэй, 25.817 төгрөгний эргэлтийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Улсын Их Хурлаас 1996 онд батлагдан гарсан “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Шүүхийн тамгын газрын Шийдвэр гүйцэтгэлийн хянан байцаах хэлтсийг Хорих байгууллагуудыг удирдах газарт нэгтгэн Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр биелүүлэх газар болгон өргөжүүлсэн билээ.

 “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” Хууль зүйн сайдын 1998 оны 227 дугаар тушаал, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/169 дүгээр тушаалаар орон нутгийн харьяалалтай хорих анги, шийдвэр гүйцэтгэлийн тасгийг нэгтгэн “ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛҮҮЛЭХ АЛБА” болгон бүтэцийг өрөгжүүлэн зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 155 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2002 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/105 дугаар тушаалаар Говь-Алтай аймаг дахь Хорих 441 дүгээр ангийг баривчлах байр болгон “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА” болгон өөрчлөн зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1088 дугаар тушаалаар Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ХЭЛТЭС” болгон өөрчилсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/209 дүгээр тушаалаар Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийг “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР” болгон өөрчилсөн ба өнөөдрийн байдлаар Захиргаа санхүү, Цагдан хорих байр, Шийдвэр гүйцэтгэх тасаг, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа гэсэн үндсэн 4 чиглэлээр офицер-19, ахлагч-12 нийт 31 алба хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

—оОо—

Back to top button